ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЭМТөвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтаны ажлын байр зарлагдаж байна. Тавигдах шаардлага: 1.Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүний их эмч, сувилагч- /бакалавар/,Нийгмийн ажилтанаар их дээд сургууль төгссөн, биеийн тамирийн арга зүйч 2. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, интернет, компьютерийн мэдлэг сайн, урлаг спортын авъяастай байх. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчын анкет бөглөх, ажилд орох гар өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар хугацаа: 2018.01.19-2018.01.31-ны өдөр хүртэл сонгон шалгаруулах хугацаа 2018.02.01 холбоо барих утас: 70276312, 99048560 Емайл хаяг: bayanchandmani_emt@yahoo.com Баянчандмань нутгаа хамтдаа хөгжүүлье Баянчандманьчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан өвөлжиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Сумын түүх

Замтын нэгдэл /1936-1951 он/

XX зууны эхэнд Монгол оронд болсон томоохон үйл явдал нь 1921 оны Ардын хувьсгалын өрнөл юм. Их хувьсгалын гал манай нутагт асч, тэмцэл тулаан өрнөж байсан баримт, домог түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Өнөөгийн Баянчандмань сумын нутагт хамрагдах Улаан хад гэдэг газар бүгж байсан гамингийн цэргийн үлдэгдэл хэсгийг Гунын цагаан даваа, Борхужир, Шарын даваагаар нэхэн Бургалтайгаар оруулан Заан Тэрэлжид устгаж байсан түүх байдаг бөгөөд “Монгол улсын партизанууд” номонд одоогийн манай сумын харьяат 2 хүн байсан байдаг бөгөөд партизан Я.Дорж, М.Самбуудорж нарын дурсамжид энэ тухай дурьдсан байдаг.

Дээрх тулааны явцад одоогийн Зүүнмухарын эхэнд гамингуудыг устгаж байсан ба уг газарт гамингийн жалга гэж нэрлэгдэж байсан газар одоо ч буй. Энэ их хувьсгалын үргэлжлэл дараагийн өрнөл нь Монгол улсад нэгдэлжих хөдөлгөөн үүсэн хөгжиж улс орны эдийн засгийн хөгжилд  дээрх хувьсгалаас  өөрцгүй их үйл явц болсон юм.
Улс оронд өрнөсөн их үйл явцыг манай сум нутгийн иргэд дэмжин санаачлан 1936 оны 8-р сард хадлангийн талбайгаа нутгийн баячуудад алдаж  хавчигдаж байсан хэсэг иргэд өөрсдийн хүсэл зоригоо нэгтгэн одоогийн Эрдэнэ багийн нутаг Замтын адагт нэгдэл байгуулахаар тохиролцон санаачлагч 7 хүний нэг болох  элдүүрчин  "Наймаа Халзан" Заяат гэгчийн гурилын тээрмийн байшинд хуралдан уг байшинг ажлын байраа болгон үйл ажиллагаагаа эхлэхээр болж нэгдлийнхээ нэрийг байгуулагдсан нутаг усныхаа нэрээр “Замт” гэж нэрлэжээ.
Уг нэгдлийг санаачлан байгуулагч Өлзий, Мянгад, Мөнх, Дэлгэр, Рэгзэдмаа, Равдан, Гомбо Цагаан гэх Заяат /элдүүрчин наймаачин/ нар хэт нь их хөлийн газар болох түүхэндээ 3 удаа хөрш ЗХУ-ын тусламж хүртсэн, өнөөдөр Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор болох ирээдүйд энэ цогцолборт 4000 гаруй хүн ажиллах, Төв аймгийн 90 жилийн түүхэнд анхдагч болж бичигдсэн Баянчандмань хэмээх их айлын тулгын чулууг тавьж байгаагаа төсөөлж ч байгаагүй байх. Гэвч манай сумын түүхэнд алтан үсгээр бичигдэх хүмүүс яах аргагүй дээрх 7 хүн болно. Учир нь 1936 онд Замтад байгуулагдсан нэгдэл нүүн төвлөрч уг нэгдэл татан буугдах 1961 он хүртэл буюу нэгдлийн түүх энэ нутагт үргэлжлэн өрнөсөн билээ.  Нэгдлийг тарахад хэдий нь 1951 онд Баянчандмань сум гэж нэрлэгдэн улс даяар “72” гэж алдаршсан Монгол улсын 3 тохилог сумын нэг /Хөвсгөл аймгийн Их-Уул, Завхан аймгийн Тосонцэнгэл/ болсон байсан юм. Энэ ч утгаар нь удиртгалд дурьдсанаар манай сумыг 1936 оноос түүхчлэн авч үзэх тухайн үеийн аймгийн шийдвэр гарсан юм.

Нэгдэл байгуулагдаж тэр цагт манай улсад боловсролтой ялангуяа мэргэжилтэй хүн цөөн, анхдагч нар маань тийм хүн олохыг мөрөөдөн  сураглаж судалж  байсан. 1937 оны 7-р сард эхнэрийнхээ хамт улсын наадам үзэж явсан Батнасангийн Дорж гэдэг хүнтэй танилцан нэгдлийн даргаар ажиллуулах санал тавьж  уг хүсэлтийг нь Б.Дорж хүлээн авч 1937 оны 11-р сард нэгдлийн даргаар сонгогджээ.
Б.Дорж Булган аймгийн Сайхан сумын харьяат,  Ардын хувьсгалаас өмнө Богд эзний мал хариулах маллах ажлыг  ахлан ажилладаг байсан бөгөөд энэ ажил үүрэг гүйцэтгэгчийг тухайн үед Соёот гэж нэрлэдэг байснаас “Соёот” Дорж хэмээн алдаршсан, тухайн үед чамгүй боловсорсон, үйлдвэрлэл ялангуяа МАА-н үйлдвэрлэлийг удирдан авч явах талаар мэргэшсэн чадварлаг нэгэн байж, энэ ч утгаараа Замтын нэгдлийн эхэн үеийн үйлдвэрлэл, бүтээн босголтыг гардсан, нэгдлийн ололт амжилттай салшгүй холбоотой, нэгдэл, сумын түүхийг бүтээгч алдартан юм.
Б.Дорж нэгдлийн даргаар сонгогдсон, нэгдлийнхээ  хэтийн төлөв зорилгоо тодорхойлон, 4 сарын дараа буюу 1938.03.16 ны өдөр бүх гишүүдийн хурлыг хуралдуулж үйл ажиллагаагаа өргөтгөн хадлан тэжээл бэлтгэх, жин тээх, дэн буудал гаргах, мал үржүүлэх, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн бэлтгэн борлуулах ажлыг нэгдлийн  үйл ажиллагаа  үйлдвэрлэлийн гол зорилго болгон хэрэгжүүлэх зорилтууд  хэлэлцүүлж батлуулж, хувь нийлүүлсэн  хөрөнгө нь бага цаашид үйлдвэрлэл өргөтгөх боломжгүйг харгалзан Улаанбаатар хотын барилга тресттэй 2000 дүнз бэлтгэхээр тохиролцон 4000 төгрөг урьдчилсан авснаар үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгийн эх үүсвэртэй болжээ.

Мөн оны 4-р сард нэгдлийн гишүүдийн 2-р хурал /энэ үед нэгдэл 11 гишүүнтэй байв/ 6, 8, 9-р саруудад 3, 4, 5-р хурлуудыг хийж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, гишүүдийн сахилга батыг сайжруулах, гишүүдийн аж амьдралыг дээшлүүлэх тэдний хэрэгцээ хангах, хадлан хадах, тарих, хураах зэрэг ажлын явц, малаа өсгөн үржүүлэх, хамтын хөдөлмөрийн давуу талыг гишүүдэд төдийгүй  нутгийн иргэдэд ойлгуулан мэдрүүлэх зорилгыг агуулсан үйл ажиллагаа явуулан дээрхи хурлуудаас нэгдлийн дэргэд бага сургууль байгуулах асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн нь тухайн үедээ өндөр ач холбогдолтой шийдвэрүүд байлаа. Энэ богино хугацаанд зөв бодлого дэвшүүлэн ажилласны үр дүнд нэгдлийн гишүүдийн тоо 84-д хүрч, үйлдвэрлэлийн хэмжээ өсч /265953 төг/ үйлдвэрлэлийн цэвэр ашиг /74777 төг/ нэмэгдэн том ололт амжилт гаргасныг үнэлэн Төв аймгийн МАА-н хэлтсээс хадлан тариалан, жин тээх, мал үржүүлэх, хашаа саравч барих ажлыг суурилсан “нэгдэл” болгохоор зөвшөөрөн баталсан нь нэгдэл сумын түүхэнд тэмдэглэлт үйл явц болсон.

1939 оны 10,12, 1940 оны 12-р сар, 1942 оны 2-р саруудад нэгдлийн бүх гишүүдийн 7, 8, 9, 10-р хурлуудыг тус тус хуралдуулан, дээрх бодлого зорилтоо хэрэгжүүлэн ажилласны үр дүнд  гишүүдийн тоо 305 хүрч өссөн байна. Түүнчлэн малын тоо толгой үйлдвэрлэлийн орлого цэвэр ашиг өсч, нэгдэл байгуулахад 63 толгой малтай байсан. Бол малын тоо толгой 10 дахин өсч 611 толгойд хүрч хөрөнгийн гүйлгээ 913560  төгрөгт хүрч цэвэр ашиг 274068 болж  өмнөхөөс  4 дахин нэмэгдсэн мөн 4814 га газар тариалж 4033 цн үр нөөцөлсөн, мөн 1000га  газар хадаж 4340 цн өвс хураан авсан нь 1938 оныхоос 7,8 дахин  өссөн амжилт гаргасан байсан ба энэхүү хөдөлмөрийн өсөлт удирдлага, зохион байгуулалтын ололтыг үнэлэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941.12.04-ны өдрийн 80-р тогтоолоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм. Энэ нь мөн л Төв аймагт төрийн одонгоор шагнагдсан анхны тохиолдол юм.

Хүн төрөлхтний түүхэнд тод хараар бичигдсэн дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрх үед тус нэгдлийн хамт олон фронтод бүхий л талаар тусламж үзүүлэн 256 агт морьд, биет төгрөг 20540 төгрөг хандивлан нийлүүлж байсан нь зарим нэг баримтад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. МАХН-ын Төв хороо, Засгийн газраас фронтод бэлэглэл, хуримтуулах талаар  зарласан уралдаанд 1942 онд Төв аймаг түрүүлж, аймгийн захиргааны дарга Л.Лувсангомбо Улаан армид бэлэг хүргэлцэж, “Хувьсгалт монгол” танкийн цувааг гардуулалцаж өгсөн байна.

1947 оны 3-р сард хуралдсан бүх гишүүдийн 71-р хурлаар малын тоо толгой буурсан мал өсөлт төлөвлөснөөс тасарсан, үйлдвэрлэлийн орлогын гүйлгээ 1946 оныхоос 5%-иар буурсан зэрэг ажлын үзүүлэлт унасан, хөдөлмөрийн сахилга зөрчигдөж захиргааны үйл ажиллагаа суларсан зэрэг дутагдлууд байна гэж дүгнэхэд нэгдлийн дарга Б.Дорж болон нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн үйл ажиллагаатай холбож үзэж дээрх хүмүүст хариуцлага хүлээлгэн чөлөөлсөн байдаг. Гэвч энэ үед нэгдэл 3136900 төгрөгийн хөрөнгөтэй 334575 төгрөгийн орлоготой 450 га газар тариалан эрхэлдэг, 1500 га талбайгаас хадлан бэлтгэдэг нь томоохон үйлдвэрлэл зээлийн байгууллага болон хөгжсөнийг илэрхийлж байдаг. Өнгөрсөн хугацаанд 1939 онд байгуулагдсан бага сургууль нь 1945 онд 7жилийн сургууль болон өргөжсөн, 20 гаруй уран сайханч жүжигчидтэй клубтэй болсон нь тухайн үедээ сайн үзүүлэлт байсан юм.

Баянчандмань сум /1951-1962 он/
Тухайн үеийн төр засгийн бодлогын дагуу төрийг удирдах, төрийн хэрэгт ард иргэдийг оролцуулах, төр иргэний харилцах харилцааг ойртуулах, төрийг бэхжүүлэх, иргэний хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулах зорилгот хүргэх үндсэн нөхцлийг хангахад  орон нутгийн засаг захиргааг оновчтой зохион байгуулах явдал гэж үзсэн. Мөн нутгийн байршил, үүсгэн байгуулагдан ажиллаж буй үйлдвэрлэлийн өсөлт хөгжил /нэгдлийн/ зэргийг харгалзан Төв ймгийн Баянцогт сумаас 7, 8, 11, 12-р, Баян-өлзийт сумаас 3, 4, 5-р, Батсүмбэр сумаас 1, 2, 11, 13-р багуудыг мөн Партизан, Өл, Толгойтын багуудыг шилжүүлэхэд Эх Сүжид төвлөрөх Замтын  нэгдэлд нэгтгэн нийслэл Улаанбаатар хотоос  68 км, Төв аймгийн төв Зуунмодоос 112 км-т алслагдсан, Олон улсын хилийн боомтыг нийслэл хоттой холбосон хатуу хучилттай  замд байрлах Баянчандмань сумыг 1951 оны 3-р сард байгуулсан юм.
Тэр үеийн дээрх сумдын болон нэгдлийн малын гол зуслангийн газар болох ус бэлчээр тэгширсэн Баян, Борхужирын Баян сумын нутаг дэвсгэрт байрших Чандмань уулынхаа нэрийг хамтатган авч сумаа Баянчандмань гэж нэрлэсэн ба сумынхаа төвийг “Эх сүж” хэмээн уулаас эх авах “Эх сүж-ийн /Их сүүж ч гэдэг/ нэрээр нэрлэжээ.
Одоогийн манай сумын нутагт багтах 12 тахилгатай уул бий. Түүний нэг нь энэ Эх Сүж буюу ижий уул маань юм. Ижийдээ сүжирнэ /хайрлана/ гэсэн агуулгатай бөгөөд Баянчандмань гэдэг нь цэвэр  усны их нөөцтэй монголчууд усыг “чандмань эрдэнэ “гэж нэрлэдгээс усаар “Баян” нутаг гэсэн нэрийг сум байгуулагдахад энд амьдарч байсан нутгийн уугуул иргэд өгсөн нэр юм гэж тайлж байсан.

Сум байгуулагдахад хилийн цэс нь одоогийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Толгойтын зүүн баруун Наран, Хан уул дүүргийн Био комбинат, Сонгинохайрханы өвөр, Жирэмийн цагаан хөтөл, Их булаг, Хайртхааны баруун, Агуйтын давааны хяр, Хар чулуут, Энхшинэ булаг, Зайдангийн хөтөл, Өөлдийн ухаа, Ухаа өндрийг дамжин Ширээгийн нуруу, Цагаан хөтөл, Олзодын нуруу, Налгар, Баруун мухар, Шивэртэйн ам, Халзангийн даваа , 92-ын гүүр, Бөөрөлжүүтийн урдуур орсон ”урт амын“ хойд талаар хярлан Цагаан даваа, Бургалтайн халзангийн даваа, Нарийний амаар уруудан Аюушийн амаар Толгойт руу орсон асар өргөн нутаг дэвсгэртэй 13 баг, 8 нэгдэл, 2 морин станц, 148585 толгой малтай, 1300 гаруй өрх 8000 гаран хүн амтай, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг, нийслэл Улаанбаатар хотыг мах сүү хүнсний ногоогоор хангах чиглэлтэй томоохон сум болох түүхэн нөхцөл бүрдсэн сум болсон түүхтэй.
1953 оны үед сумын нэгдлийн үйл ажиллагаа үйлдвэрлэлийн хэмжээ багасч, орлого буурч, хөгжлийн хурдац саарсан  ч  удирдлага бүтэц зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 1953-1958 онд дахин сэргэж үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх ялангуяа голлох салбар болох ХАА-н үйлдвэрлэлд анхааран ажилласан нь ихээхэн үр дүн өгсөн бөгөөд ХАА-г механикжуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, малыг эрүүлжүүлэхэд ихээхэн ахиц гарч, худаг ус гарган бэлчээр усжуулах, малын хашаа саравч барих, хадлан тэжээл бэлтгэх ажил болон нэгдлийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор  Улаанбаатар хотод модны үйлдвэрийг байгуулан нэгдлийн жилийн орлогын 80-90 %-ийг уг үйлдвэрээс олж ажиллагсдын мөнгөн орлого өсч, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдэн гишүүдийн идэвх санаачлага сайжирч, сум нэгдлийн нэр хүнд аймаг улсын хэмжээнд алдаршин, төр засгийн анхааралд зүй ёсоор орж гадаад дотоодын зочид гийчдийн айлчлалын гол үзмэр болсон загвар сум болж байв. Эдгээр амжилт нь нэгдлийн дарга асан Цагааны Отгоны /1954.02.10-ны НБТ хурлаар сонгогдсон/ өндөр шаардлага,  удирдлагын арга  барил, хичээл зүтгэл санаачлагатай холбоотой бөгөөд Ц.Отгон нь АИХ-ын депутатаар сонгогдож байсан нь түүний хичээл, зүтгэл, нэгдэлд түмний итгэл зүтгэлийн илэрхийлэл болж байв.

Манай сумаас Замтын нэгдлийн дарга Б.Дорж Улсын бага хурлын гишүүн, Ц.Отгон АИХ-ын депутат болж байсан түүх байдаг.

Дээрх он жилүүдэд сум хөгжиж номонд бичигдсэн нь Монгол улсын хөдөөгийн сумдын хөгжлийн нүүр царай болж байсны илрэл нь 1957.06.08-15-ны хооронд  ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга  К.Е.Ворошилов БНМАУ-д анх удаа айлчлахад тус суманд зочлуулсан явдал байдаг. Энэ үед сургууль бидний нэрлэдгээр “Модон хоёр давхар”-т байрлан байсан бөгөөд дээрх зочид төлөөлөгчид энэ сургуульд зочлоход ахмад багш М.Сэрээтэр Ч.Дүүриймаа  нарын сурагчид байж, тэдэнд пионерийн улаан бүч зүүж өгч урлагийн тоглолт үзүүлэн, сум бэсрэг наадам зохион байгуулан зочиддоо сонирхуулсан байдаг. Нэгдэл К.Е.Ворошилов даргад 2 ихэр цагаан ботго бэлэглэж буй зураг нь сумын фото түүхэнд мөнхөрчээ.

Сумын төвд үйлдвэр хоршооллын артелийг Цахар Санжаа гэдэг айлын гэрт нээн ажиллуулсан нь 1970-аад оноос хөрш сумдад Ардын үйлдвэрлэл үзүүлэгч томоохон үйлдвэрлэлийн салбарын эхлэл болсон юм.

Сум нэгдлийн түүхэнд аймагт ахмад цэцэрлэгийн нэг болох сумын цэцэрлэгийг   байгуулан ажиллуулж эхэлсэн нь одоогийн “Одод” цэцэрлэгийн түүхийг эхлүүлсэн байлаа.

1958 онд Бургалтайн морин станц татан буугдаж механикжсан станц болж манай суманд шилжүүлэн байрлуулж өргөжүүлснээр 1958-1961 онд 250 трактор засварлах ХАА-н машин механизмын засварын газар, халаалт бүхий 20 машины граж, цэвэр бохир дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсон халуун ус, Хүн эмнэлгийн  салбар мал эмнэлэг, клуб, зочид буудал, холбоо, дэлгүүр гуанзны барилгуудыг иж бүрнээр нь барьж Монгол улсад 3, аймагтаа анхны тохилог сум болсон юм.

Сум хөгжин дэвшиж байсан энэ үед буюу 1959 онд Баянчандмань сумыг хэт томорсон нь төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхэд хүндрэлтэй болсон гэж үзэн Борнуур, Жаргалант, Батсүмбэр сумдыг бие даалган байгуулж Баянчандмань сумыг үндсэнд нь 4 хэсэг болгон хуваасан бөгөөд 1961 онд унаган нэгдэл Замтыг татан буулгаж, гахайн аж ахуйн суурин дээр байгуулагдсан Борнуур суманд мал сүрэг, хөрөнгө, газар нутаг хүн амын хэсгийг нь, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой нь шилжүүлэн, үлдсэн хэсгийг нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа /одоогийн Мандал сум/, Төв аймгийн Батсүмбэр сумдад тараан өгсөн гашуун түүх бий.

1954.04.21. Сумын энэ хөгжил цэцэглэлтийн үед үүсэн бий болсон нэг томоохон байгууллага нь  Баянчандмань сумын Худалдааны хоршоо байсан юм. Баянчандмань сумын хоршоо нь иргэдийн хувь нийлүүлсэн хөрөнгө, банк, бусад байгууллагаас авсан зээлийн хөрөнгө, бараа товараар иргэддээ үйлчилдэг, сумын төв нь замын хөлийн газар байсан нь уг байгууллага хөгжин дэвжих нөхцлийг бүрдүүлсэн байдаг.
1951-1961 он буюу нэгдэл татан буугдах хүртэлх хугацаанд сум 7 жилийн сургууль, 1939 онд байгуулагдсан Хүүхдийн цэцэрлэг, 1934 онд байгуулагдсан сумын эмнэлэг, 1936 онд байгуулагдсан нэгдэл, 1951 онд байгуулагдсан клуб, засварын газар, үйлдвэрлэл хоршооллын артель зэрэг тухайн үеийн Монгол орны сумдад байх бүхий үйлдвэрлэл үйлчилгээний газартай сум шиг сум байв.
Баянчандмань хороо захиргаа /1962-1979 он/
Сум үүсэн /нэрлэгдэн/ 10 жил гаруй болж сумын төр захиргаа, нам, олон нийтийн болон аж ахуйн нэгж байгууллагууд төлөвшин  ажил нь тогтмолжиж байсан үед урьд дурьдсанчлан сумыг татан буулгаж хороо захиргаа болгон орон сууцны 5 хороотой, төрийн удирдлагыг нь аж ахуйн байгууллагын хавсарга болгосон нь төрийн удирдлага тодорхой хэмжээгээр суларч иргэдэд хүрч үйлчлэх явдал суларсан хэдий ч бууриа сахин үлдсэн Баянчандманьчууд төрөлх нутгаа эзний ёсоор сахин, голомтоо бадраан, түүхэн зам мөрөө  дархалсаар, орон нутагтаа эргэн байгуулагдаж, нутаг орон маань хөгжин дэвшинэ гэсэн их итгэл найдвар тээсээр, хөгжсөөр байсан  юм.
1958-1961 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр тохижсон материаллаг баазыг түшиглэн 1963 онд ХААЯ-ны харьяа САА-нуудын дундын засварын газар, түүний харвяа байнгын курсийн барилгыг сумын ЕБС-ийн болгон ашиглахаар шилжүүлэн авсан нь орон нутгийн боловсролын  байгууллагад оруулсан томоохон хөрөнгө оруулалт болж сумын сургууль 8 жилийн сургууль болон өргөжсөн юм. /Дунд сургууль 1986 онд 10 жилийн сургууль болж өргөжин, бүрэн дунд боловсрол эзэмшихээр өөр сумд руу очин суралцах хүнд асуудлаас салсан түүхтэй/

1963 онд үржил зохиомол хээлтүүлгийн улсын станц дээд байгууллагуудын шийдвэрээр байгуулагдсан ба энэ станцыг түшиглэсэн залуу малчны сургуультай, Жаргалант, Борнуур, Лүн, Заамар сумдад үржил селекцийн ажлыг гүйцэтгэдэг, дээрх сургуульдаа  Сэргэлэн, Жаргалант, Борнуур, Баянцогт, Гачуурт, Партизаны САА-нуудаас суралцагчидаа хүлээн авч мэргэшсэн малчид бэлтгэж байв. Үржил станц нь хонины 2 суурь сарлаг, адууны тус бүр 1 суурь малтай, тухайн үед байгууллагынхаа өмнө дэвшүүлсэн зорилт төлөвлөгөөг биелүүлдэг хамт олон байсан бөгөөд 1970-аад оны эхээр засварын газрын харьяанд мал нь шилжин бүтцийн өөрчлөлтөөр зохиомол хээлтүүлгийн улсын станц саалийн механикжсан ферм болж цаг хугацааны үргэлжлэл болсон.

Энэхүү түүхэн үеийн нэгэн томоохон бүтээн байгуулалт сум орон нутгийн түүхийн тод гэрэлт үе нь БНМАУ-ын СнЗ-ийн 1969 оны 03-р сарын 31 ний өдрийн тогтоолоор ЗХУ-ын тусламжаар ХАА-н техник мэргэжлийн сургуулийн цогцолбор барих шийдвэр гарч зөвлөлийн барилгын 3-р трестийн барилгачид асах их хүн хүч техникийн хүчээр барьж дуусган 1969,09,03 нд 600 суралцагч, нэг ээлжээр сургах онолын хичээлийн корпус /үйлдвэр сургалтын мастерийн газар, биеийн тамирын заал, соёлын танхим, номын сан, фонд бүхий ээлжиндээ 300 хүн хооллох хоолны газар, нийтийн эзэмшлийн газруудтай хичээлийн байр, 572 хүүхдийн багтаамжтай сурагчдын 2 дотуур байр, авто граж, уурын зуух, усан сан цэвэрлэх байгууламж, под станц бүхий цогцолбор ашиглалтанд орж 1971 онд багш ажилчдын 30 айлын 5 давхар угсармал орон сууцыг ашиглалтанд оруулснаар сумын хэмжээнд ажлын байр олноор гарсан төдийгүй сумын төвийн өнгө үзэмжийг дээшлүүлсэн, түүхэнд 2 дахь удаа ЗХУ-ын хүч хөрөнгөөр тохижсон сум болон түүхэнд мөнхөрсөн юм. Энэ сургууль 5 мэрргэжлээр 18 аймаг Улаанбаатар хотоос элсэн орсон 325 сурагч, зөвлөлтийн 18 мэргэжилтэн, 20 онолын багш, 10 гаруй мастер багш олон тооны ажилтан албан хаагчтайгаар 1969.10.01-нд хичээлийн жилийн нээлтээ хийсэн нь энэ түүхэн үйл явц Баянчандмань хороо захиргааны үед болсон түүхэн үйл явц, амьдралын шинэ хэмнэл болсон.

Энэ түүхэн  цаг хугацаанд тохиосон нэгэн түүхэн үйл явц нь 1969 оны 6-р сард Эрчим хүчний станцыг ЗХУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглон ашиглалтанд оруулан төвийн хэсэгт 3 чиглэлээр Баянцогт сумыг эрчим хүчээр хангах зорилготой 2500 квт бууруулах трансформатор 1, 1600 квт-ын өсгөх трансформаторийн хүчин чадалтай суурилагдсан нь Төв аймагт 24 цагийн цахилгаан бүхий анхдагч сум болсон сумын түүхийн тэмдэглэлт үйл явц юм.

Мөн үүний урьд жил буюу 1968 онд хөдөө аж ахуйн цаг уурын харуулыг байгуулан шинжилгээний ажлыг хийж эхэлсэн явдал мөн л нэг түүхэн үйл явц байлаа.

ТМС-ийн сурагчдын  практик дадлагыг бататгах зорилго бүхий нийслэл хотын сүүний хэрэгцээг хангах давхар зорилготой Саалын механикжуулсан ферм /СМФ/-ийн, 1974 онд мөн л Зөвлөлтийн барилгын III трест барьж ашиглалтанд өгсөн нь мөн нэгэн  тэмдэглэлт үйл явдал болсон юм. Энэ ферм нь 400  үнээ саах хүчин чадалтай, суманд ажиллаж байсан улсын үржил селекцийн суурин дээр байгуулагдсан тодорхой тооны ажиллах хүчин, мэргэжилтэн бүхий салбар бөгөөд уг фермийн дэргэд даршны тариалалт хийх 200 га-г услах даланг тэр үеийн СнЗ-ийн 1-р орлогч дарга Т.Рагчаагийн өгсөн үүргийн дагуу Борнуурын усжуулалтын аж ахуй, Шарын голын усны аж ахуйн техникумын оюутан сурагчдын оролцоотойгоор барьж 1976 онд ашиглалтанд  оруулан Унгар улсын Вольтанк бороожуулалтыг угсран ажиллуулж эхэлсэн нь энэ фермийн хэвийн ажиллагааг хангахад түлхэц нь болсон юм. Энэ фермд тэр үед СМФ-үүдэд үржүүлж байсан Алатау, Семинталь, Хар тарлан, Шар тарлан үхрүүдийг үржүүлэн манай улсад аль үүлдрийн үхэр өсгөх боломжтойг туршиж байсан нь өнөөх л газарзүйн байршил дэд бүтцийн  хөгжилтэй холбоотой байсан болов уу.

1970 онд анх тус сумын нутаг Харганатын аманд Ардын армийн 144-р анги ирж байрлан 1971 оноос  нүүж сумын төвд шилжин байршсан ба 1978 онд уг анги  Лүн сум руу шилжин байршиж /уг анги зам барих ажлыг гүйцэтгэдэг байсан/ тус ангийн суурин дээр Ардын армийн 020, 179-р ангиуд ирж байршин, сүүлд Цэргийн САА болсон үед буюу 1987 онд 298-р анги шилжин ирж байршиж байснаар манай сумынхан цэргийн анги гэх тодотголтой үг хэллэг хэлэх болж дээрх ангиудаас олон ч офицер, ахлагч нар манай сумаас алдрын гараагаа эхлэн, гэр бүл болцгоож байв. Эдгээр ангиуд сумын түүхэнд тодорхой зам мөрөө үлдээсэн бөгөөд тус сумын нутаг дэвсгэрт НАХЯ-ны амралт Эх Сүж уулын зүүн хэсэгт хилийн цэргийн полигон Дарцагтын өвөр Дугуй цагдуулд байгуулагдсан нь одоо ч үйл ажиллагаагаа  явуулсаар байна.
Хороо захиргааны даргаар анх засварын газрын дарга Намсрай, Дашдондог, ТМС-ийн захирал Балдандорж нар ажиллаж байв.

Түүхэн шилжилтийн энэ үед манай иргэд цуцалтгүй хөдөлмөрлөн улс аймагт хувь хүн, хамт олон алдар нэрээ цуурайтуулж, сум нутгийнхаа тулгын чулууг  хөргөлгүй явсаар ирсэн бөгөөд Чоймболын Дүүриймаа, Цэдэвийн Жаргал МХЗЭ-ийн 14-р их хуралд төлөөлөгчөөр, засварын газрын цахилгаанчин А.Содном МАХН-ын 16-р их хуралд, гагнуурчин Б.Нацагдорж МХЗЭ-ийн II, V их хуралд , Б.Балдандорж, Д.Дуламсүрэн нар Монголын багш нарын  их хуралд тус тус төлөөлөгчөөр оролцон олон хүн, байгууллага аймгийн аварга ажилтан мэргэжилтэн, байгууллага болж алдаршиж байв.

Баянчандмань сангийн аж ахуй /1979-1992 он/

1979 оны 01-р сарын 15-нд Сайд нарын зөвлөлийн 435-р тогтоол гарч Баянчандманий дундын засварын газар, саалийн механикжсан 400 үнээний ферм, нутгийн мал бригад гурвыг нийлүүлж энгийн Сангийн аж ахуй /САА/-г анх байгуулсан юм. Сангийн аж ахуйн дарга нь Ж.Самданхүү /үүрэг гүйцэтгэгч/, орлогч дарга нь н.Дондонжав, ерөнхий нягтлан бодогч нь н.Дамбадорж, ерөнхий эдийн засагч нь Б.Гончигням, ерөнхий инженер нь н.Баттөр, хөдөө аж ахуйн инженер н.Дагва, ерөнхий агрономич нь н.Шарав, ерөнхий зоотехникч нь н.Батдорж, малын ерөнхий эмч н.Доржпалам, саалийн механикжсан фермийн дарга н.Баасанцэрэн нарын бүрэлдэхүүнтэй удирдлага нь зохион байгуулагдаж эхэлсэн юм. Үйлдвэрийн үндсэн салбарууд нь засварын газар, саалийн механикжсан ферм, төмс хүнсний ногооны бригад, нутгийн мал бригад, хөрөө рам зэрэг холимог салбар үйлдвэрүүдтэй, орлогын гол эх үүсвэр нь засварын газраас давамгайлан ордог байсан боловч бусад салбар бүхэн орлоготой ажилладаг байв. Байнгын ажилчид 200-250, нийт бүтээгдэхүүн тухайн үеийн үнийн ханшаар 10,000 төгрөг, нийт мал 18000-20000 толгой орчим, эргэлтийн нийт талбай 2500 га. Ийм хэмжээнд энгийн САА анх зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. 1979 оны 12-р сард САА-н даргаар Ш.Чойжоо, орлогч даргаар н.Дондонжав, ерөнхий нягтлан бодогч н.Мандал, ерөнхий инженер н.Мөнхдорж, ерөнхий эдийн засагч н.Чулуунбаатар, засварын цехийн эдийн засагч н.Самданхүү, ерөнхий зоо техникч н.Батдагва, ерөнхий агрономич н.Нямаа, засварын цехийн инженер н.Баттөр, ХАА-н засварын инженер н.Эрдэнэжав, цалин хөлсний эдийн засагч, боловсон хүчин Б.Гончигням, нутгийн мал фермийн дарга н.Батдорж, орлогч нягтлан бодогч н.Молом, саалийн механикжсан фермийн дарга н.Баасанцэрэн, механик н.Дагва нарын бүрэлдэхүүнтэйгээр энгийн САА-н удирдах бүрэлдэхүүн өөрчлөн зохион байгуулагдав. Энгийн САА удирдах бүрэлдэхүүний хувьд шинэчлэн зохион байгуулагдсан боловч үйлдвэрлэлийн цар хүрээ, чиглэлд онц өөрчлөлт ороогүй, дараах 9 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байв. Үүнд:

1. Үйлдвэр цех

2. Саалийн механикжсан 400 үнээний ферм

3. Нутгийн мал ферм

4. Авто граж

5. Хөрөө рам

6. Газар тариалангийн бригад

7. Барилгын бригад

8. Хөдөө аж ахуйн засварын газар

9. Захиргаа аж ахуй

САА-н дарга Ш.Чойжоо удирдан зохион байгуулах арга барил сайтай, үйлдвэрлэл үйл ажиллагаандаа үр ашгийг онцлон анхаардаг, зарчимч, өндөр шаардлагатай дарга байсан учир САА-н олон талт үйл ажиллагаа цаг алдалгүй эрчимтэй явагддаг, санхүүгийн хувьд чадвар сайтай, өөрөө өөрийгөө санхүүжүүлээд банкинд мөнгөн хуримтлал сайтай, өр зээлгүй аж ахуй байлаа.

1981 оны 01-р сарын 27-нд БНМАУ-ын СнЗ-ийн 32-р тогтоол гарч энгийн САА-г Армийн САА болгон яамны харъяаллыг өөрчлөн зохион байгуулсан юм. Армийн САА-н даргаар А.Бадарчин, орлогч даргаар Ц.Бааст, ерөнхий эдийн засагчаар н.Найдансүрэн, ерөнхий нягтлан бодогчоор н.Жажаа, орлогч нягтлан бодогчоор н.Мандал, ерөнхий агрономичоор н.Болдбаатар, ерөнхий инженерээр н.Баттөр, малын ерөнхий их эмчээр н.Мятав, ерөнхий зоо техникчээр н.Гомбосүрэн, агрономичоор н.Чомбо, хөдөлмөрийн эдийн засагчаар Б.Гончигням, боловсон хүчний эрхлэгчээр н.Норолхоожав, саалийн механикжсан фермийн даргаар н.Баасанцэрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр удирдлагын бүтэц шинэчлэн зохион байгуулагдсан юм. Энгийн САА нь Армийн САА болсноор үйлдвэрлэлийн чиглэл, цар хүрээнд онц өөрчлөлт ороогүй, 12 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байв. Үүнд:

1. Газар тариалангийн бригад

2. Саалийн механикжсан 400 үнээний ферм – Ч.Баасанцэрэн

3. Нутгийн мал ферм

4. Тэжээвэр амьтдын ферм /туулай, гахай/ - Р.Дамдин

5. Авто граж

6. Барилгын бригад – н.Бямбасүрэн

7. Хөрөө рам – н.Самдан

8. Хадлан, тээврийн механикжсан салаа – Х.Хаянхярваа

9. Үйлдвэр цех – н.Цэдэвсүрэн, Я.Алтаншагай, Ц.Дашзэвэг

10. ХАА-н засварын газар

11. Захиргаа аж ахуй

12. Цахилгаан дулааны цех

Армийн САА нь 4000 га эргэлтийн талбайтай, 20000-25000 толгой малтай, 500 эх туулайтай, дансны дундаж байнгын ажилчид 350-370, нийт бүтээгдэхүүн тухайн үеийн ханшаар 12000-16000 төгрөг, 27000-30000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулдаг байлаа. Армийн САА байсан 9 жил 10 сарын хугацаанд дараах гурван дарга солигдон удирдаж ирсэн юм.

1981.01.27 – 1982.11.07 хүртэл А.Бадарчин дарга,

1982.11.07 – 1986.02.10 хүртэл Ч.Балжинням дарга,

1986.02.10 – 1987.04.20 хүртэл Санхүү дарга

1987.04.20 – 1990.10 сар хүртэл А.Бадарчин дарга тус тус удирдаж байв.

1990 оны 10-р сард САА-н дарга А.Бадарчингийн санаачлагаар армийн САА-г дөрвөн пүүс болгон салгасан юм.

Ардчилсан хувьсгалд оролцсон нь /1990 он/
1980–аад оны сүүлчээр тухайн үеийн ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын болон дэлхий нийтэд оршин тогтнож байсан 2 системийн өрсөлдөөн, социалист системийн хөгжлийн явц, социалист орнуудад болж байсан нийгмээ өөрчлөх давалгаан манай орныг ч тойроогүй юм. Энэ үед Залуу зохиолчдын улсын зөвлөгөөн /1989 онд/ болж тэндээс залуучууд үзэл бодлоороо нэгдэн нийгмээ өөрчлөхийг хүсэн тэмцлийн очийг асаасан билээ.

Энэ их үйл явц манай суманд өрнөн, сум САА-н биеийн тамирын арга зүйч Л.Болдбаатар, САА-н жолооч Д.Сосор, П.Ганхуяг, МСҮТ-ийн багш, ХЗЭ-ийн хорооны дарга н.Жаргалсайхан нар болон түүнийг дэмжигч Б.Гончиг авч Б.Долгор, Лайхан, Лувсанбат нарын ахмадууд тэднийг дэмжин нийслэлд амьдардаг болон сурч байсан хүмүүсээс мэдээлэл аван, түүнийгээ бусдад хүргэн, дэмжигчдийн эгнээгээ өргөжүүлэхэд ихэд анхаарч ажиллаж байсан билээ.
Үүний үр дүн гарч Ц.Сономцэрэн, Х.Хасбаатар, Ц.Отгонбаяр /ЕБС-ийн багш/, Н.Бямбацогт /ЗГ-ын ажилчин/ С.Энхбаяр, Н.Нарангэрэл зэрэг залуучууд дэмжин МоАХ-ын салбар зөвлөлийг санаачлан байгуулсан байдаг.

1990.02.18 нд суманд залуучуудын чуулга уулзалт зохион байгуулан сум САА-н дарга /А.Бадарчин, МоАХ-ыг санаачлагч Ц.Сономцэрэн нар МоАХ-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгон дээрх хоёр төлөөлөгч  1990.02.18-наас хуралдсан их хуралд оролцсон билээ. Энэ үед Төв аймагт энэхүү хөдөлгөөний анхдагч салбар байхгүй байсан бөгөөд Баянчандманьчууд болж түүхэнд үлдсэн юм.

Баянчандмань сум зах зээлийн нийгэмд /1992 оноос/

Үүний дараа СДХ, УДХ зэрэг байгууллагуудын анхдагч салбарууд байгуулагдсан дээрх хөдөлгөөнүүд улс төрийн нам болон  өргөжөхөд мөн л анхан шатны байгууллагууд нь суманд байгуулагдан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байлаа. Сум орон нутгийн төр захиргааны байгууллагаас ч тэдний үйл ажиллагааг дэмждэг сонсдог байсан нь тухайн үеийн сумын АДХГЗ-ны зөвлөлийн гишүүдэд суманд үйл ажиллагаа явуулагч МАХН, МСДН, МҮДЛН, МоАН –ын анхан шатны салбарын дарга  нар болох Сүхээ, Т.Ганболд, Б.Жаргалсайхан, З.Адьяа, ГЗ-ны дарга ГЗ-ны орлогч дарга, ГЗ-ны нарийн бичгийн дарга гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байж, сум орон нутагт өрнөж буй үйл явц, хараахан тасраагүй байсан эдийн засгийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар болон ГЗ-ны хэрэгжүүлэх бүхий л асуудлаар хамтран хэлэлцэж шийдвэр гаргаж байснаар илэрхийлэгдэх болов уу
Өөрчлөлт шинэчлэлийн нэгэн гол зорилт нь улс төрийн тогтолцоог шинэчлэх явдал байлаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нутаг дэвсгэрийн нэгжийг бие даалгах, нам, төр аж ахуйн ажлыг зааглах, нийгмийнхээ хэмжээнд төр төвтэй улс төрийн тогтолцоонд орох явдал байв. Үүнийг хэрэгжүүлэх 1990 оны эхний гурван шатны депутатын сонгууль явуулж энэ сонгуулиар анх удаа улс төрийн намуудын санал асуулга, сонгуулийг хамтатган явуулсан билээ. Энэ бүхэн нь одоогийн төрийн тогтолцоог буй болгох анхны ажил байлаа. Энэ сонгуулиар манай сумаас АИХ-ын сонгуульд тэр үеийн ТЭХҮЯ-ны сайд Батхуяг, аймгийн депутатаар Я.Алтаншагай, Л.Болдбаатар, Лу.Болдбаатар нар сумын 30 тойрогт сонгогдож байв. 1990 оны 8-р сарын 8-нд болсон сумын АДХ-ын чуулганаар сумын АДХГЗ-г салгах асуудал хэлэлцэгдэн төр, аж ахуйн ажлыг нэг хүн хавсран гүйцэтгэж байсан явдал эцэс болсон түүхтэй. Энэ үеэс сумын төр, захиргааны байгууллага бие дааж үйл ажиллагаагаа явуулах, төрийн байгууллагын өмнө өөрийгөө шинэчлэн үүрэг зорилтоо тодорхойлох, сумын эдийн засаг, нийгэм, соёлын бүхий ол асуудлыг шийдвэрлэх зорилт тулгарч байв. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр тус сумын төр захиргааны байгууллага 1990-1992 оны сонгуулийн хугацаанд төрийн албаны үүрэг, албан хаагчдын үйл ажиллагаанд мөрдөх чиглэлийг тодорхойлон үүнийгээ хэрэгжүүлэх ажлыг гол зорилгоо болгон дэвшүүлсэн. Үүний учир нь төрийн албан хаагч мэргэшсэн  байх шаардлага хууль нийгмийн шаардлага болж байв. Үүний зэрэгцээ хуулийг сурталчлах, зохион байгуулах, хянах төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлсээр ирсэн. 1992-1996 оны сонгуулийн хугацаанд тус суманд хууль ёс сахиулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх  ажлаас эхлэн хэрэгжүүлэх арга замаа Тамгын газрын ажиллагсдаас эхлэн тэдний төр нийгэм, иргэд хөдөлмөрчдийн өмнө хүлээх үүргийг дээшлүүлэх, төрт ёсоо шүтэх, хуулийн өмнө адил тэнцүү эрх эдлэн хуулиа дээдлэх үүднээс Тамгын газрыг чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх, тэнд ажиллагсад нь нэг талаасаа мэргэшсэн ажилчид болох, нөгөө талаас олон түмнийг биш нэг хүнийг хохирооё гэсэн зарчим үйлчлэхүйц байхаар журам тогтоож байх зорилт тавин ажилласан. 1996-2000 оны сонгуульд ... “аливаа асуудлыг хуулийн зохицуулан хэрэгжүүлэх явдлыг гол зорилтоо болгон хэрэгжүүлэх арга замаа” төр болон иргэдэд үйлчлэх байгууллага, төрийн үйлчилгээний стандартыг боловсруулан иргэдэдхүргэх зэрэг үндсэн асуудлуудыг төрийн байгууллагын үе үеийн зорилт болгон хэрэгжүүлэх арга замаа боловсруулан ажилласнаар өнөөдөр аймгийнхаа хэмжээнд төр захиргааны ажил нь тогтмолжсон сумдын тоонд орж сүүлийн 9 жилд төрийн байгууллагын ажлаар 5 удаа 1-р байр, 2 удаа 2-р байр, 1 удаа 3-р байр, 1 удаа 12-р байр тус тус эзэлсэн байна. Сумын төр захиргааны байгууллагын өөр нэг үндсэн зорилт нь сум, орон нутгийн эдийн засгийн асуудал, ОНО-ыг нэмэгдүүлэх явдлыг хэрхэн удирдаж буйгаар үйл ажиллагааг нь үнэлэх явдал билээ. Энэхүү үүргийг биелүүлэхээр тус сумын төр захиргааны байгууллага 1990-1992 оны сонгуулийн хугацаанд сумын эдийн засгийг либеральчлах, өмнөхийг задлах, ААН байгууллагыг аль болох бие даалган үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлэх явдлыг эдийн засгийн бодлогынхоо үндсэн зорилго болгон дэвшүүлэн хэрэгжүүлэхдээ суманд ажиллаж байсан үйлдвэр, аж ахуйн газрыг хувьчлах, САА-г 4 пүүс болгон задлах улмаар хувьцаат компани болгон шинэчлэн зохион байгуулах зэрэг тухайн үеийн улс орны хэмжээгээр хийгдэж байсан эдийн засгийн шинэчлэлтүүдийг хийж ирсэн нь улс орны хэмжээний адил алдаа оноо бидэнд давтагдаж үйлдвэрлэлийн ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурч байсан  гашуун үнэн сумын эдийн засгийн амьдралын түүхэнд үлдсэн билээ.Энэ үед малын тоо толгой өсөж, бусад үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ буурч байсан нь дээрх дүгэлтэнд хүргэж байгаа ба энд бас үнийн өсөлт нөлөөлж тоон үзүүлэлтээр харьцангуй буурсан дүн гардгийг тэмдэглэх нь зүйтэй юм. 1992-1996 оны сонгуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн талаар дэвшүүлэх зорилтоо тодорхойлон боловсруулахдаа дээрх байдалд дүгнэлт хийж сумын хэмжээгээр оло арван иргэд, байгууллагын санал судалгааг авч үзсэний эцэст зах зээлийн эдийн засгийн энэ тогтолцооны үед сум эдийн засгийн талаар аль хараат биш баймааж нь хөгжих, аливаа асуудлаа шийдвэрлэх боломжтой болох юм гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч өөрийн сумын давуу тал, боломж, нөхцөл, бэрхшээл, гарах арга замаа судлан үзсэний эцэст “сум эдийн  засгийн хувьд бие даах явдал”  түүнийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх гэж тодорхойлоод хэрэгжүүлэх арга замаа мөрийн хөтөлбөрийн хугацаанд хүнсний гол нэрийн бараагаар өөрийгөө хангах, эргэн хэрэглээний бараагаар тодорхой хэмжээгээр хангах, төсвийн газрууд  улсаас авах дотацыг  багасган бууруулсан байхаар тодруулбал сумын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ОНО-ыг нэмэгдүүлэх явдал гэж тодорхойлон ажилласнаар сумын эдийн засаг үйлдвэрлэлийн хэмжээ өсч эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм.  Малын тоо толгой урьдын адил өсч, газар тариалангийн үйлдвэрлэлд хувийн хэвшил, өрх, иргэдийн оролцоо нэмэгдэн тэр хэмжээгээр өрхийн орлого өссөн, үйлчилгээний салбаруудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, жижиг үйлдвэрлэлийг дэмжих, сэргээх оролдлого хийж төсөл хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг дэс дараатай авсны үр дүнд 1996 оны эцэст газар тариалангийн үйлдвэрлэл сэргэн үр тариа өмнөх нийгмийн үеийн буюу САА-н тариалж байсан хэмжээнд хүрч төмсний тариалалтын уналтыг тогтоон хүнсний ногоо тариалалт 4 дахин өсч газар тариалангийн түүний дотроос хүнсний ногоо, ялангуяа манжин тариалалт 4 дахин өсөн нийт өрх, иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болж нийслэлд “Чандманы манжин” гэсэн батламж бүхий болсон нь энэ үеийн нэг ололт байлаа. Энэ үед иргэдийн хувийн хэвшлийн мал төрөл бүр дээрээ өсч харин ААН-үүдийн мал эрс буурч байлаа. Газар нутаг бага манай сумын хэмжээнд ХАА-н үйлдвэрлэлээсээ илүү бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг инээр бий болгон ажлын байр, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэгч гол арга зам юм гэдгийг мэдэрч улсын хэмжээнд хамтран ажилагч түнш эрэлхийлж байгаа тухай өөрийн ажлын танилцуулга бүхий сурталчилгааг түнш МРТХЭ газрын тусламжтайгаар орон даяар нэвтрүүлснээр манай сумыг сонирхогч ААН байгууллага, гаднын иргэд, компани олширч энэ үед бүтсэн бүтээгүй олон түншлэлийн гэрээ хийж байсан нь бидэнд ихээхэн туршлага мөн сургамж болж байлаа. Энэ бүхний үр дүнд 1996 оны эцэст тус сумын эдийн засгийн байдалд нааштай өөрчлөлтүүд гарч гол үзүүлэлт болох ОНО-ын төлөвлөгөө жил дараалан өсөж мөрийн хөтөлбөрийн хугацааны эцэст төлөвлөсөн зорилтыг 50%-ийг олох нөхцөл бүрдсэн хамгийн гол үзүүлэлт, үр дүн байлаа.

1996-2000 оны МХ-ийн эдийн засгийн гол  зорилго нь төсвийн зардлын 80%-иас доошгүйг өөрийн ОНО-оор бүрдүүлж гэж тодорхойлон хэрэгжүүлэх арга замаа төр, төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, ажил хариуцагч бүрийн ажлын хариуцлага, нийгэм болон иргэдийнхээ өмнө хүлээх үүргийг өндөржүүлэн сумын ААНБ-ын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн зорилгоо иргэд, хөдөлмөрчиддөө ойлгуулан тэдний төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, тойргийн сумдын хэмжээнд өөрийн гэсэн байр суурь эзлэх явдлаар хэмжигдэн тодорхойлогдох болно гэсэн юм.
Энэхүү зорилтоо жил бүрийн төлөвлөлтөнд тусган өмнө бүрдүүлсэн нөхцлөө аль болох ашиглан ажилласнаар тодорхой үр дүнд хүрч өнөөдөр үйлдвэрлэлийн хэмжээ, төрөл, ААНБ-ын тоо өсч МХ-ийн үндсэн зорилтоо ханган биелүүлэх боломж бүрдээд байна. Худалдаа, нийтийн хоол, үсчин, гутал засвар, оёдол, талх үйлдвэрлэл гэх мэт өмнөх үеийн үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээнээс бусад нь үндсэндээ сэргэсэн, цаашид хөнгөн хүнсний цех, жижиг, дунд үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулах гэрээ хийгдэж буй зэрэг нааштай алхамууд хийгдэж байна.

Я.Алтаншагай " Ашдын заяат амин нутаг мину" УБ.,2016

 

Мэдээ оруулсан: 2016-09-01 00:00:00